Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

Хятад "шантааж" буюу сул зогссон үйлдвэр

ХэвлэхИ-мэйл

Ноос ноолуурын улирал эхэлжээ. Эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлт өсдөг зах зээлийн хуулиар бол намар, өвлийн улиралд ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд тун завгүй ажиллаж баймаар. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид эхнээсээ сул зогсолт зарлаад байна. “Халуун зунаар саалиа орхив” гэгчээр ид хүйтрээд ирмэгц ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч орхидгийг гаж үзэгдэл хэмээн нэрлэхээс аргагүй.

Статистикаас харахад сүүлийн жилүүдэд ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт жил тутам буурсаар иржээ. Улсын хэмжээнд жилд 200 орчим сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс 80 орчим хувийг нь экспортод гаргадаг байсан бол өнгөрсөн онд үйлдвэрлэлийн хэмжээ 162 сая ам.долларт хүрсэн байх юм. Харин энэ оны эхний есөн сард 110-120 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Засгийн газраас өнгөрсөн оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил”, энэ оныг “Бизнесийн орчныг шинэчлэх жил” болгон зарласан хэдий ч бодит байдал дээр үйлдвэрлэл харин ч буурсан байх юм. Үйлдвэрлэл ийн буурах болсон гол шалтгаан нь түүхий эдийн дутагдал гэнэ. Монголд ноос ноолуур боловсруулах 68 үйлдвэр байдаг ч 13 нь л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин анхан шатны боловсруулалтын 25, сүлжмэлийн 30 үйлдвэр байдаг ажээ. Энэхүү 25 үйлдвэрийн тал хувь нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Өндөр хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий эдгээр үйлдвэрүүд нь улсын хэмжээнд бэлтгэсэн ноолуурыг ердөө ганцхан улиралд бүрэн боловсруулах чадалтай. Түүнчлэн анхан шатны боловсруулалт хийн угааж, самнасан ноолуурынхаа 56 хувийг экспортод гаргадгаас үндэсний үйлдвэрүүд хавар, зуны зургаан сараас илүүтэй ажиллаж чаддаггүй гаж тогтолцоо нүүрлээд байгаа юм.

Уг нь Монгол ноолуураар баян гэж бахархдаг ч үндэсний үйлдвэрүүд мөнгө муутайгаас түүхий эдээ нөөцөлж чаддаггүй. Арилжааны банкуудын өндөр хүүтээй зээлээр ноолуур нөөцлөх арга байхгүй гэж тэд зовлон тооцдог.  Төрөөс тэдэнд дэмжлэг үзүүлж чаддаггүй юм аа гэхэд түүхий ноолууранд тавьсан экспортын татвараа цуцалсан нь бүр гай болж байгаа гэнэ. Өмнө нь бохир ноолуур хилээр гаргахад кг тутамд нь 4000 төгрөгийн татвартай байсан учир малчид дотоодын үйлдвэрүүддээ ноолуураа өгөх сониролтой байж.

Нэгэн үе ноолуурыг их хэмжээгээр нь өндөр үнээр худалдан авч нөөцөлдөг байсан хятадууд өдгөө анхан шатны боловсруулалт хийсэн болоод хил гаргадаг болжээ. Үүнээс болж үндэсний үйлдвэрлэгчид түүхий дээр дутагдан, аргагүйн эрхэнд хятадуудын  экспортолсон ноолуурыг буцаан худалдан авахад хүрчээ. Малчдыг дэмжих нэрээр бохир ноолуурын татварыг тэглэсэн шийдвэр нь гадныхныг, тэр дундаа манай улсыг “ноёлж” сурсан хятадуудад ашигтай сэжим болсон нь харамсалтай. Малчдын хувьд ч гар дээр ирэх хэдэн төгрөгийн ахиуг бодож дотоодын үйлдвэрлэгчдээс хятадуудыг илүүд үздэг нь нууц биш. Арай ахиу өгч, хог, бохирыг нь ч тоолгүй битүү наймаалцаж орхидог хятадуудтай түншлэх нь малчдад хамаагүй амар байдаг. Тэрхүү бохир ноолуурыг хятадууд “Монголд үйлдвэрлэв” хаягаар дэлхийн зах зээлд гаргаж байгааг тэд яахин мэдэх билээ. Тэгсэн хэрнээ монгол ноолуурын чанар сайтайг нь  хятад ноолууртай холин “Мade in China” шошгоор зарж борлуулах. Нэмүү өртөг нь ч, нэр хүнд нь ч Хятадад шилжсэн монгол ноолуурын хувь тавиланг нааш эргүүлэх бодлого боловсруулахгүй бол цөөн хэдэн үндэсний үйлдвэрүүд маань үүд хаалгаа барихад хүрэх нь. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтын хавчих эрх үгүй ч байнгын “шантааж”-нд байдаг үндэсний үйлдвэрүүдээ бодох л болсон баймаар.


Ноолуурын
үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа бас нэгэн асуудал нь ноолуурын чанар. Хамгийн сайн чанарын ноолууртай “Залаа жинст” үүлдрийн ямааг Баянхонгор амйгийн Шинэ жинст суманд үржүүлдэг. Тиймээс тус туманд энэ онд сайн үүлдрийн ямаа болон ноолуурын дуулага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаагаар үндэсний таван үйлдвэр 30 орчим тонн ноолуурыг 58,5 мянган төгрөгт хүргэн худалдан авсан байна. Хятад худалдаачингууд олноороо очиж, ноолуурыг өндөр үнээр авах оролдлого хийж байжээ. Сүүлийн жилүүдэд монгол ямааны сүргийн бүтэц алдагдаж, малчид ноолуураа арвижуулахын тулд хөгшин ямааг заазлахаа больсноос ноолуур богино, бүдүүн болжээ. Түүнчлэн малын эмч, эмнэлэггүйгээс хачиг хувалз, элдэв хорхой шавьжинд баригдаж бүр эцсийн бүтээгдэхүүнээс нь ч хачиг “гуай” үлдэгдэл гарч ирдэг гэх.

Ноос боловсруулах
үйлдвэрүүдийн тухайд ноолуурыг бодвол түүхий эд хангалттай, үнэ хямд байдаг сайн талтай. Хонины ноосоор голчлон эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэж буй бол тэмээний ноос, сарлагийн  хөөврөөр хувцас болоод бусад төрлийн эд зүйлс үйлдвэрлэдэг. Одоогоор “Нэхээсгүй эдлэл”, “Улаанбаатар хивс” гэсэн хоёр үйлдвэр ноосоор дагнан үйлдвэрлэл явуулдаг. Харин “Буян” компани ноолуурыг ноостой холин бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бол “Гоёо”, Ээрмэл зэрэг үйлдвэрүүд тэмээний ноосон эдлэл үйлдвэрлэж эхэлжээ. Сарлагийн хөөврийн хувьд түүхий эдийн хүрэлцээ муу байдгаас “Сор кашмир”, “Ээрмэл”, “Монгол нэхмэл” гэх цөөн хэдхэн үйлдвэр энэ чиглэлээр ажилладаг байна.

Үндэсний гэх тодотголтой 13 үйлдвэр л цогцолбор хэлбэрээр ажилладгийг дээр дурдсан. Цаашид цогцолбор үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгийн зээл өгөх, бохир ноолуурын экспортыг хязгаарлах, самнасан ноолуурыг дотоодод борлуулахад татварын орчныг таатай болгох зэрэг дэмжлэг хэрэгтэй байгааг төр засгийнханд дуулгахад илүүдэхгүй биз ээ.

Д. Цээпил

www.news.mn

2010.11.02