Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) КОВИД-19-ийн үед бичил болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор Транскапитал ХХК-д анхны төгрөгийн санхүүжилтээ олголоо.

2020-11-10    1461

Улаанбаатар, Монгол Улс, 2020 оны 11 сарын 10 Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК Транскапитал ХХК-д үндэсний валютад суурилсан шинэлэг зээлийн санхүүжилт олгож байгаа нь ирэх гурван жилийн хугацаанд 15,000 орчим эмэгтэй бизнес эрхлэгчид, бичил болон хөдөө орон нутгийн бизнесүүдэд хүрэх болно.

КОВИД-19-ийн үед санхүүгийн салбарын чадавхийг дэмжих зорилготой ОУСК-иас хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь энэхүү зээл юм. Үүнд ОУСК-ийн өөрийн эх үүсвэрийн 8.4 тэрбум төгрөг (3 сая орчим ам.доллар)-ийн 3 жилийн хугацаатай зээл, мөн Invest in Visions GmbH (энэхүү хэлцэлд Германы Agents for Impact GmbH and Co. KG судалгааны агентлагаар дамжуулан оролцсон), BlueOrchard Finance Ltd-ийн Азийн Бичил Санхүүгийн Санаачилга, ACTIAM болон Developing World Markets зэрэг байгууллагуудын 25.2 тэрбум төгрөг (9 сая орчим ам.доллар)-ийн хамтарсан зээл орсон болно.

“Бичил, жижиг, дунд үйлдвэрүүд нь нийт ажлын байрны 50 гаруй хувийг хангадаг Монголын эдийн засгийн тулгуур багана юм. Тэд мөн КОВИД-19-ийн нөлөөнд хамгийн их өртөж буй  хэсэг”, гэж Транскапитал компанийн гүйцэтгэх захирал Зоригтын Алтанзул хэлэв. “Бид ОУСК-ийн энэхүү шинэлэг санхүүжилтээр Монголын бичил, жижиг үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ КОВИД-19-ийн нөлөөнөөс сэргэх үндэсний хүчин чармайлтад хувь нэмэр оруулж байна”, хэмээв.

Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 90 орчим хувь нь банкнаас тогтмол зээл авах боломжгүй байдаг бөгөөд энэ салбарт нийт 1.29 тэрбум орчим ам.долларын нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ бий гэж үздэг. Цар тахлын даамжирч буй сөрөг үр дагавар,  түүхий эдийн эрэлт болон үнэ олон улсад буурч байгаа зэрэг нь байгалийн баялагт тулгуурласан эдийн засаг болон түүн дэх бизнес эрхлэгчдэд улам их дарамт учруулж болзошгүй юм.

“Энэхүү шинэлэг хөрөнгө оруулалт нь Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа хөдөө орон нутгийн бичил бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэгдсэн”, гэж ОУСК-ийн Монгол дахь Cуурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэв. “Энэ нь ОУСК-иас Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллагад хийсэн анхны хөрөнгө оруулалт бөгөөд мөн үндэсний валютаар хамтран олгосон анхны зээл болж байна. Энэхүү санхүүжилт мөн Монголын аж ахуйн нэгжүүдийг КОВИД-19-ийн үр дагавраас сэргэж гарахад нь дэмжих бидний эрмэлзлийн илэрхийлэл болно”, хэмээн нэмж онцлов.

ОУСК нь Монголын санхүүгийн салбарт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, улмаар салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрөл ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна. Энэ оны эхээр бид салбарын зохицуулагч байгууллага болон банкны холбоотой хамтран нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр гэрээ байгуулсан. Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол дахь түнш банкуудын зээлийн шугамын дээд хязгаарыг нэмэгдүүлсэн болно.

 

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага ОУСК нь хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн хөгжиж буй 100 гаруй орнуудад зах зээлийг нээх, шинэ боломж бий болгохын төлөө өөрийн хөрөнгө мөнгө, туршлага мэдлэг, нөлөөллөө ашиглан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компани болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, тэдгээрээр дамжуулан нэн ядуурлыг арилгах болон хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org вэб хуудснаас авна уу.

 

Холбогдох хаяг

 www.ifc.org/eastasia
 www.twitter.com/IFC_EAP
 www.youtube.com/IFCvideocasts
 www.ifc.org/SocialMediaIndex
 www.instagram.com/ifc_org
 www.facebook.com/IFCeap
 www.facebook.com/IFCwbg

 

Транскапиталын тухай

Монгол Улсын хамгийн том банк бус санхүүгийн байгууллага болох Транскапитал ХХК нь орон даяар 35 салбартай бөгөөд 2001 оноос хойш бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид дотоодын болон олон улсын хүчирхэг түншлэлээр дамжуулан гэр хороолол болон хөдөө орон нутагт БЖДҮ-ийг хөгжүүлэх, тэдэнд ажлын байр бий болгож, бизнес болон амьжиргаандаа шинэ боломж бүрдүүлэхэд нь дэмжиж ирсэн. Бид харилцагчдадаа санхүүжилтын боломж олгохоос гадна мөн санхүүгийн зөвлөгөө, сургалтаар тэднийг дэмжиж ажилладаг.

 

Холбогдох хаяг

 

www.transcapital.mn
www.linkedin.com/company/transcapital-nbfi/
www.twitter.com/transcapital_mn
www.facebook.com/transcapital.official

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах